Манай сэтгvvлчид ялихгvй юмыг догиогоод болохгvй байна аа. Дотоодын хамгаалахын хашаанаас vхсэн хvний яс гарлаа гээд л сvйд. Дотоодыг хамгаалахын хашаанаас тэгээд хvний биш малын яс гарах юм уу? Тэгээд бас “vхсэн хvний” гэж ирээд аван хайлах юм. Дотоодыг хамгаалахын хашаа руу орсон хvн vхэхгvй гарч ирэх учиртай аятай. Бас дээр нь “Дотоод яамны ажлынх нь хашаа биш, аж ахуйн хашаа нь байсан” гээд л мэтгэх юм. Дотоод яамны аж ахуйгаас төмс, байцаа гарч ирэх юм шиг санасаар л яваа юм байх даа. Тэндээс сугалсан төмсөг гарна уу гэхээс, тарьсан төмс гарах учиргvйг заалтай биш дээ.
Тэгсэн атлаа “Японы оршуулгын академи нийслэлийн талийгаач нарт иж бvрэн авснууд бэлэглэлээ”. “Авсаа ачих машиныг нь vнэгvй өглөө”. “Оршуулгын мэргэжилтэнг бөөнөөр нь Японд бэлдэж өгөх боллоо” гэсэн мэдээнvvдийг тоохгvй юм. “Бидэнд өлгий өгөхгvй атлаа яагаад авс өгөөд байна.Биднийг ойрын vед өөрсдийгээ оршуулж хvчрэхээ болино гэж тэд яаж мэдэв” гэхчлэнгийн гvн ухааны асуултын хариуг хэн ч сонирхохгvй байна. Аа тийм, Кувейтын эмир, УИХ-ын гишvvн Сайраан нар манай оронд айлчилж байна. Тэд ноднин манайд айлчлахдаа манай төрийн тvшээдээс “та нарт юу хэрэгтэй байна” гэж асууж. Манайхан хоёргvй нэг утгаар “Бидэнд байр хэрэгтэй байна” гэжээ. Ердөө л Кувейтээс нэг нэг орон сууцыг хувьдаа гуйсан хэрэг шvv дээ. Гэтэл өнөөх нь төрийн хvн хувьдаа юм гуйхыг vзээгvй, манай мэтийн орноор явж нvд тайлаагvй нэгэн байж. Ингээд “монгол төрийн хvн монгол төрдөө юм гуйдаг” аятай хачин муухайгаар гvтгэж ойлгоод Парламентын ордон барьж өгөхөөр болжээ. Vvнийг дуулсан манай төрийн томчууд зулгааж болох бvхий л газрынхаа vсийг vгтээн гасалсан байна. Vс цөөтэй зарим нь брюкнийхээ хармайнаас гараа гаргахгvй өнжсөн ч гэдэг.
Уул нь манай ард тvмэн жижигрэхийн хэрээр төр томорч ордондоо багтахаа больсон ба янз бvрийн хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудыг ордны өмнөх Чингэсийн хөшөөний дотор хонгилд суулгахаар ширээ сандлыг зөөж байсан нь бол vнэн юм. Ходоодонд суух хэсэг нь яах вэ? Хуруунд суух ажилтнууд нь их л матийхаар болж байсан гэдэг.
Хуучин “гай газар дороос” гэдэг байсан бол одоо гай газар дээрээ гараад ирсэн цаг. Өнөө ордонг нь барих газар олддоггvй ээ. Манай газруудыг чинь Даашинхvv, Айванхvv, Хоовонхvv гээд гадна дотны пvvсvvд авчихсан байж. Хуучин хэвлэх vйлдвэрийн ором дээр барих гэтэл тэрнийг нь ард тvмний хvv авчихсан байж. Ингээд Эмирийг сая ирэхэд нь “Ордон барих газраа бас өгчих” гэж гуйжээ. Асуудал шийдэгдвэл монголын парламентын орон Кувейтэд баригдах юм байна.Намайг багаа байхад хvvхдvvд бие биедээ сайн болохоороо захиа өгдөг байв. Одоо муудахаараа захиа өгдөг болжээ. Ерөнхийлөгч Энхбаяр, гишvvн Хvрэлсvх нар муудалцаад бие биедээ захиа бичих болов. Хvvхдvvд хоорондоо сайндаад бичсэн захиан дээрээ “надаас чамд, навчаас цэцэгт” гэж тэмдэглэдэгсэн. Харин хоорондоо хонь чоно болсон томчууд захиан дээрээ “юунаас юунд” гэж тэмдэглэж байгааг бvv мэд. “Хониноос чононд” гэхээр өөрийгээ доошлуулсан болно. “Чононоос хонинд” ч гэх нь хаашаа.Хөөрхий муу МАХН-ыг ойрдоо өрөвдөх боллоо. Нэг хэсэг нь МАХН –д далавч оёж “ингэвэл манай нам ниснэ” гэж жаал мэтгэж билээ. “Нямдорж дарга нь дарвийнк гаргаж ирээд “Манай нам нисдэггvй нам. Нисдэг л юм бол буудаж унагана” гэж ирээд нисэх байтугаа хөдлөх шинжгvй юм руу жаал галлав. Тэгж тэгж өөрийгээ оночихов уу, яав?, өөрөө унаад өгөв. Сая “Элсний 13” гээч гарч ирээд МАХН-ыг цөлжvvлэн алдав. Харин “Бакугийн 26 комиссар” л урдаас нь сөрж зогссоны хvчинд нам аврагдсан юм байх.
Ер нь МАХН-аар зөвхөн хоолоо хийдэг байснаа болиод одоо тvvгээр юу л бол юу хийж болно гэх хvн олширч. Тухайлбал, махны ченж хийдэг хэдэн нөхөд саяхан гулууз МАХаН-д формалин шахаж занданшуулахыг оролдоод баригдсан байна. Ерөнхийлөгчийн сонин өглөө бичихдээ “шахаад шахаад занданшихгvй байгааг” дурьджээ.
Би ч гэсэн МАХН-ыг муулахаа бvр байсаан. Эмээ ээж минь захисан юм. Би vvнийг эртvvд МАХН-ын нэг даргад ярьтал “Эмээгийн чинь зөв” гэчихээд царай нь гэрэлтэн босоод явчихаж билээ. Эмээ юу гэж захисныг огт асуугаагvй... Юу гэж захисан гэж vv? Хоногоо хvлээж байгаа амьтныг зөвхөн өрөвдөж бай гэсэн юм аа.
Жич: “Элсний арван гурав”, “Бакугийн 26 комиссар” зэрэг нь социализмын vеийн хит киноны нэрс. “Элсний 13” нь ч яах вэ? Дуулаа л биз. Харин нөгөө нь Баку хотын ойролцоо 26 улаантан алагдснаас vvдсэн нэр. Аль аль тохиолдолд намынхаа төлөө явж байгаад бөөнөөрөө vхсэн коммунистуудад өгдөг нийтлэг нэр. Нэг ийм онигоо байдаг юм. Намын дугуйлангийн шалгалт дээр нэг гишvvнд “ Гучин томоохон марксистыг нэрлэ” гэсэн асуулт таарч гэнэ. Цаад нөхөр толгойгоо маажиж байснаа “ Маркс, Энгельс, Ленин, дээр нь намын хороон дарга таны бие, бас тэгээд Бакугийн 26 комиссар” гэсэн гэдэг.
Б.ЦЭНДДОО